Засгийн газар

УИХ-ын гишүүн Н.Батбаяр : Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш

М.Энхмаа
2015-06-02 05:51

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг 4 сар гаруй хугацаанд ажилласны дүнд эхний ээлжийн саналаа танилцуулжээ. Парламентэд суудалтай бүх намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн дэлхийн болон дотоодын асуудлыг судалж 30 гаран судалгаа, 10 гаран лавлагаа гаргасан байна.

Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэдэг жирийн асуудал биш учраас судалгаа шинжилгээ хийж ул суурьтай хандах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.

Н.Батбаяр гишүүн :

“Бид  өмнөх үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд бидний амьдралд энэ хуультай холбоотой ямар асуудлууд тулгарсныг судлаад түүнд төвлөрч ажиллахыг зорьсон.

Дэлхийн 25 улсад судалгаа хийж үзэхэд Үндсэн хууль нь тухайн орны аюулгүй байдал эв нэгдлийг хангахаас гадна тухайн улсын төрийн байгууллагын харилцан уялдаа холбоо болон тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн байна.  

Манай улсын хувьд 25 жилийн хугацаанд 14 засгийн газрыг огцруулан, 17 ерөнхий сайдын нүүрийг үзэж нэг засгийн газар 2 жил хүрэхгүй хугацаанд ажиллажээ. Гэтэл бусад орнууд төр засаг нь тогтвортой,  үйл ажиллагаа нь харилцан уялдаа холбоотой ажилладаг учраас хөгжилтэй орнуудын тоонд багтдаг юм байна.

Тиймээс Ерөнхийлөгчийг шууд сонгодгийг хязгаарлан парламентыг өргөжсөн байдлаар бүрдүүлж ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлье гэсэн гол санааг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан яамдын тоог 9 болгон цөөрүүлэх санал гаргаж шинэ ерөнхий сайд сонгогдоход засгийн газрын бүтэц өөрчлөгддөг асуудлыг хязгаарлахыг зорьсон.  

Дараагийн асуудал бол намаар талцах байдал газар авч хүнийг чадавхаар нь үнэлэхээ больсон байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн намаар талцах асуудлыг болиулж засаг даргыг шууд сонгодог болох саналыг гаргаж байгаа юм. ” гэжээ.

Мөн  Үндсэн хуулинд хоттой холбоотой асуудлыг орхигдуулснаар нийслэлд хүн ам төвлөрөх нэг шалтгаан болоод байгаа учраас хотуудын статусыг сэргээх цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.