Агентлаг

Өнөөдөр Туркменистаны гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлал эхэлнэ

О.Намуун
2015-06-02 23:31

Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь 1992 оны 4 дүгээр сарын 23-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа болж буй өндөр хэмжээний айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр ноён Р.О.Мередов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, тэр дундаа Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох талаар санал солилцох ажээ.