Агентлаг

Монгол, Японы засгийн газар энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллана

О.Намуун
2015-06-02 23:54

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Япон Улс 2012 оноос эхлэн гадаадын улс орнуудын батлан хамгаалах салбарт тусламж үзүүлэх болсон бөгөөд Япон Улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлдэг. “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014 – 2016 онд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Хөтөлбөрт тусгагдсаны дагуу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээнд хамтран ажиллахаар болж байна.