Агентлаг

Авилгын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх олон улсын баг ажиллаж эхэллээ

О.Намуун
2015-06-03 02:04

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын шинжээчдийн баг Монгол Улсын авилгын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, үнэлэх зорилгоор ажиллаж эхэллээ.

Шинжээчдийн баг нь УИХ, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, бие даасан шинжээчид, олон улсын байгууллага, гадаад улсын элчин сайдын яам зэрэг олон төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж, үнэлгээний асуултуудад хариулт авах юм. 

Монгол Улс 2012 онд Станбулын авилгын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын Үнэлгээний баг манай улсын авилгын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийж байсан билээ.

Үнэлгээний цар хүрээ нь авилгатай тэмцэх байгууллага, худалдан авах ажиллагаа, санхүүгийн дотоод хяналт шалгалт, дотоод аудит, шүүх, прокурорын байгууллага, хувийн хэвшил зэрэг байгууллагуудтай холбоотой үйл ажиллагаа, эрх зүйн орчноос гадна авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх асуудлуудыг хамарна.