Улсын их хурал

Газрын тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэнэ

М.Энхмаа
2015-06-03 02:23

Маргаашийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэх гэж байна.

Энэхүү хуулийн төсөлд

  • Монгол улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар хамаарна.

 

  • Засгийн газар дээрх газрыг заасан зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

гэсэн нэмэлтүүдийг оруулж байгаа юм байна.             

Газрын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар ЗГ-аас зарим газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах буюу солих тухай шийдвэрийг нэгдсэн журмаар гаргаж, улс орны хөгжилд түлхэц болохуйц бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.

Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд :

- Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн Азийн хурдны зам 

- Рашаант Мааньт чиглэлийн Богдхан төмөр зам 

- Богдхан уулыг тойрсон хурдны зам

- Майдар эко хот байгуулах

- Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа Олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл

- Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах дагуул хот байгуулах

- Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж байгаа олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах холимог тээврийн ложистик төв байгуулах

- Шинээр барих олон улсын нисэх буудлын дэргэд Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болох эдийн засгийн чөлөөт бүс байгуулах

зэрэг оржээ.