Батлан хамгаалахын сайд нарын бага хурал болов
Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2015” олон улсын бага хурал Сингапур улсад боллоо
. Уг хурлыг Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн Сингапур Улсын Засгийн газартай хамтран 2001 оноос эхлэн зохион байгуулж иржээ.
Олон улсын бага хуралд Монгол Улсыг төлөөлж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Мөн 29 улсын төлөөлөл, үүний дотор 17 орны Батлан хамгаалахын сайдаас гадна олон улсын 6 байгууллага, аюулгүй байдал, стратегийн судалгааны 61 хүрээлэнгийн удирдлага, судлаач, эрдэмтэн, шинжээч, батлан хамгаалах аж үйлдвэрийн 27 корпораци, компанийн төлөөлөгчид оролцож олон улс, бүс нутаг болон улс орны аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд өгч буй үнэлгээ, дүгнэлтээ хуваалцаж, санал солилцлоо.
Хурлын үеэр Ц.Цолмон Япон Улсын Батлан хамгаалахын сайд, Сингапур Улсын Батлан хамгаалахын дэд сайд, Канад Улсын ЗХЖШ-ын дарга, Номхон далай дахь АНУ-ын Цэргийн хүчний командлагч нартай хоёр талын уулзалт хийв.
Монгол Улсын хувьд нэр хүндээ бүс нутагт дээшлүүлэх, байр сууриа бэхжүүлэхээс гадна харилцаатай орнуудын батлан хамгаалах салбарын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, батлан хамгаалах салбар, цэргийн шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааг сурталчлах, бүс нутгийн аюулгүй байдал, стратеги, чиг хандлагын талаар шинэ мэдээлэл олж авах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.