Нийгэм

"Автомашингүй өдөр"-ийг “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор зохион байгуулна

Bolor Rose
2015-06-03 04:23

Манайд жил бүр "Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд эл өдрийг ирэх бямба гаригт зохион байгуулах бөгөөд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриан дор ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл Мэнд Спортын Яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн замын цагдаагийн газрууд хамтран Чингисийн талбайд зохион байгуулах ажээ. Энэ үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой сургалт, бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн талаар тусгай үзүүлбэр үзүүлэх, автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрхэн хэрэглэх, ач холбогдлыг танин мэдүүлэх иргэдэд сурталчлах  зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Учир нь зам тээврийн осолд өртөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхэд байдаг байна. Тухайлбал, ДЭМБ-ын мэдээллэснээр зам тээврийн ослоор жилд 186,300 хүүхэд, өдөрт 500 гаруй хүүхэд нас бардаг  байна. Харин манай улсын хувьд 2010-2014 онд зам тээврийн осолд 14,151 хүүхэд өртсөн тохиолдол ГССҮТ-д бүртгэгдсэн байна.