Улсын их хурал

Монгол хүний хийж чадах ажлыг Монгол хүн л хийнэ гэлээ

М.Энхмаа
2015-06-03 07:13

Өнөөдөр  Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Газрын тосны газрын удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтын эхэнд газрын тосны хайгуулын талаар Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр мэдээлэл өгсөн байна.

Тэрээр :

" Монгол улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 31 талбай ялгасан. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үндэсний болон гадаадын 18 компани 23 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байна. Мөн 11 компани  “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар аваад байгаа" гэжээ.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар хийсэн танилцуулгад дурьдсанаар 2014 онд Монгол Улсад нийт 1314.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосноос 91 хувийг ОХУ-аас, 2.8 хувийг БНСУ-аас, 2.6 хувийг БНХАУ-аас 4 хувийг бусад улсаас импортоор оруулж ирсэн гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хороонд газрын тосны компаниуд монгол хүний хийж болох ажлыг монголчуудаар хийлгэхгүй байна гэсэн гомдол ихээр ирдэгтэй холбогдуулан Газрын тосны газар ямар бодлого баримталж байгааг тодруулав.

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ажиллах хүчний тал дээр монгол хүний хийж чадах ажлыг монгол хүн хийнэ гэдэг бодлогыг хатуу барьж байгааг хэлээд Газрын тосны тухай хуулинд энэ талаар тусгах санал дэвшүүлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урьдчилсан техник, ЭЗ-ийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг мэдэгджээ.