Ерөнхийлөгч

Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Ерөнхийлөгчид бараалхав

О.Намуун
2015-06-03 23:51

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов бараалхав.

Уулзалтын эхэнд тэрээр Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын  чин сэтгэлийн мэндчилгээ болон тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг урьсан урилгыг уламжилсан юм.

Уулзалтын үеэр Монгол Улс, Туркменистан Улсын хооронд хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөтгөн хөгжүүлэх талаар талууд санал солилцлоо. Тухайлбал, Туркменистан Улсаас Монголд байгалийн хий нийлүүлэх боломжийн талаар судлах, хоёр улс хамтарч аялал, жуулчлал хөгжүүлэх, Монголын талаас ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, хивс, үхэр, хонины махыг Туркменистанд гаргах, эдийн засгийн асуудлаар Засгийн газар хоорондын комисс байгуулах эрх зүйн орчин, механизмыг судлах болон Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн холбогдох олон улсын хэлэлцээрт Туркменистан Улс нэгдэж орох боломж зэрэг асуудлаар санал солилцсон байна.