“Хүннү малл”-д “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн нээгдэнэ
“Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цагт “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУЯ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцож үг хэлнэ.
Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд ТЭРГҮҮЛЭХ байр эзэлдэг. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн 2 томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан билээ.
Нээлтийн үйл ажиллагаа Оддын урлагийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулах юм. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгуулна.