Өргөдлийн байнгын хороо хуралджээ
Өчигдрийн өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болон боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцжээ.
Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирсэн өргөдөлтэй холбогдуулан дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
- Төрийн албан хаагчийг улс төрийн албан тушаалтан томилж чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн хууль эрх зүйн орчныг төрийн алба улс төрөөс ангид байх зарчимд нийцүүлэн өөрчлөх чиглэлийг Засгийн газарт өгөх
- Засгийн газар, яам, агентлагуудын хэмжээнд төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, хууль зөрчин томилсон шийдвэрүүдээ хүчингүй болгох, хуульд нийцүүлэх арга хэмжээ авч ажиллах
- УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, мэдээлдэг байгууллагууд болох Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулиудын хэрэгжилтэд хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллах
Дээрх асуудлуудтай холбогдуулан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлэх тогтоолыг олонхын саналаар баталжээ.
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж Боловсролын тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хороонд ирүүлсэн өргөдлүүдийн дагуу хуулийн хэрэгжилтийг судлан байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийг байгуулсан талаар байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулсан юм.
Энэ асуудалтай холбогдуулан С.Одонтуяа гишүүн санал хэлэхдээ, “Саяхан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль буруу орж ирсэн. Энэ үйлчилгээ нь улсын болон хувийн цэцэрлэгтэй өрсөлдөхүйц харагдаж байна. Монгол Улсад хамгийн сайн хөгжиж байгаа нь цэцэрлэг юм. Иймд энэ стандартаас ухрахгүйн тулд Хүүхэд харах үйлчилгээ нь аливаа цэцэрлэгийн өрсөлдөгч биш байхаар өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээг ААН биш зөвхөн иргэн хүн эрхлэхээр тусгасан байгаа бөгөөд нэг ангид дээд тал нь 3-5 хүүхэд байна. Мөн өдөр өнжүүлэх төвийн талаар ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс энэ асуудлыг нэн яаралтай хууль, тогтоомжид тусгаж өгөх саналтай байна” гэжээ.
Ингээд гишүүдийн гаргасан саналыг тусган "Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг олонхын саналаар баталсан байна.