Дэлхийд

Шэрил Сэндберг : Хайранд төгсгөл гэж үгүй. Би чамдаа хайртай, Дэв

О.Намуун
2015-06-04 02:20

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Шэрил Сэндбергийн нөхөр Дэвид Голдберг өнгөрсөн сард Мексикт золгүй тохиолдлоор амиа алдсан билээ. Нөхөр нь санал асуулгын платформын SurveyMonkey компанийн гүйцэтгэх захирал байсан юм. Түүнийг нас барснаас нь хойш 30 хоног өнгөрчээ. Энэ үеийг Еврейн шашинд шелошим хэмээн нэрлэдэг бөгөөд Шэрил Сэндберг өөрийн фэйсбүүк хуудаснаа нөхрийнхөө тухай болон бүх тусалж байсан хүмүүстээ хандан ийн бичжээ.

“ Өнөөдөр миний хайрт нөхрийн шелошим (нас барснаас хойших эхний 30 хоног) дуусаж байна. Еврейн шашинд хайртай хүнээ алдсанаас хойших эхний долоо хоногийг шива буюу хамгийн их гашууддаг өдөр хэмээн нэрлэдэг. Харин энэхүү шелошим дуусах өдрийг шашны хувьд бүх л уй гашуу, шаналлаа дуусгах өдөр гэдэг.

Багаасаа найзалсан нэг найз минь надад хамгийн хүчирхэг залбирлын үг бол “Намайг амьд байсаар атал бүү үхүүлээч ” гэж хэлж байсан юм. Би Дэвийгээ алдахаас өмнө энэ залбирлыг огт ойлгодоггүй байлаа. Харин одоо л ойлгож байна.

Гай зовлон тохиох үед бидэнд сонголт гарч ирдэг гэж би боддог. Орь хоосонд бууж өгөн, уушиг, зүрхээ хоосноор дүүргэх. Ингэснээр бид бодох, тэр ч байтугай амьсгалахад ч хэцүү болдог. Харин нөгөө сонголт нь утга учрыг олж, үргэлжлүүлэн амьдрах. Өнгөрсөн гуч хоногт маш олон өдрийг би орь хоосонд автаж өнгөрүүлсэн. Ирээдүйд ч олон өдрүүд ийм маягаар өнгөрнө гэдгийг мэдэж байна. Гэхдээ чадах л юм бол би амьдралыг, утга учрыг сонгохыг хүсч байна.

Үүнийг яагаад бичих болсон бэ гэвэл шелошим дуусаж байна, мөн үүнийг давж гарахад минь тусалсан хүмүүс шиг бусдад бас туслахыг хүссэн юм. Уй гашууд гүн гүнзгий автаад байхад минь өөрсдийн түүх, дурсамжаасаа хуваалцаж, тусалсан хүмүүсийн ачаар л би үүнийг даван туулж чадсан. Тиймээс хэн нэгэнд тус болно гэдэг итгэл өвөрлөн өөрийн суралцсан зүйлээ бусадтай хуваалцахыг хүслээ. Энэ гучин өдөрт би гучин жил амьдарлаа. Би гучин жил гашуудаж, гучин жил ухаажсан юм шиг санагдаж байна.

......

Дэв, чамайгаа үргэлж дурсан, хайрлаж, хүүхдүүдээ ч тэгж өсгөх болно. Шелошим дууссан ч би гашуудсаар л байх болно. Үргэлж энэ сонголттойгоо үлдэнэ. Яг л Боногийн дуулсан шиг “ Уй гашууд төгсгөл гэж үгүй..Хайранд төгсгөл гэж үгүй”. Би чамдаа хайртай, Дэв."

 

Today is the end of sheloshim for my beloved husband—the first thirty days.  Judaism calls for a period of intense...

Posted by Sheryl Sandberg on Wednesday, June 3, 2015