Бусад

“Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам” ирэх амралтын өдрүүдэд зохиогдоно

Э.Золжаргал
2015-06-04 02:58

Төв Азидаа анхдагч авангард кинонд зориулсан цорын ганц кино наадам болох Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадам 3 дахь жилдээ 6 сарын 6, 7-нд МҮИС-
ийн кино театрт зохион байгуулагдах гэж байна. Хэрвээ ирэх амралтын өдрүүдээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол уг наадам дээр ирж олон орны сонирхолтой кинонуудыг үзэж болно.

АНДЕРГРАУНД КИНО:

Андерграунд кино гэдэг нь хийц, илэрхийлж буй санаа, төрөл болон санхүүжилтийн хувьд ч олон нийтийн “хүлээн зөвшөөрөгдсөн” гэх тогтсон хандлагаас гадуур, бие даасан киноны төрөл
юм. Анх 1957 онд Америкийн кино шүүмжлэгч Манни Фарбер “Underground Films” гэх энэ үгийг эссендээ бичсэнээс хойш тодорхой урсгал болон тогтжээ. Тэрээр энэ үгийг ашиглахдаа Холливуудад зонхилж буй урлагийн эсрэг байдаг найруулагчдын хийсэн бүтээлүүдийг хамруулан хэлжээ.

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ:

Энэ жилийн кино наадамд дэлхийн авангард кино урлагийн эн тэргүүний уран бүтээлчид болох Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер нар ирж киногоо толилуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүх юм. Петер Черкасски “Чамин цогц” киногоороо 2015 оны 5 сарын 13-24-ны хооронд зохиогдсон Каннын кино наадмын “Найруулагчдын хоёр долоо хоног 2015” хэсэгт нээсэн бөгөөд тусгай шагналыг хүртсэн юм. Энэ кино нь Каннын кино наадмаас хойш анх удаа Алтан хальс олон улсын андерграунд кино наадамд гарах тул Ази дахь нээлт нь болох юм.  

БҮТЭЭЛ:

Алтан хальс олон улсын андерграунд кино наадамд 43 улс орнуудаас  нийт  218 бүтээл бүртгүүлсэн ба уралдаант хэсэгт шалгарсан 44 бүтээлийг кино наадмын үеэр холимог дарааллаар 3 хэсэгчлэн толилуулахаар болжээ. 

 УРАЛДААНТ ХЭСЭГТ ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДЭЭС:

6 сарын 6, 7-нд МҮИС-ийн кино театрт Алтан хальс олон улсын андерграунд кино наадам 2015 - Уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдээс

Posted by Golden Reel International Underground Film Festival on Wednesday, June 3, 2015

ОНЦЛОХ УЛС: 

Энэ жилийн Андерграунд кино наадмын онцлох улс бол Австри.Тиймээс Австрийн sixpack film хэмээх дэлхийд алдартай дистрибьюторын дэмжлэгээр Алтан хальс олон улсын андерграунд кино наадмаар Австрийн авангард кино урлагийн төлөөллүүд болох Курт Крен, Зигфрид Фрухауф, Аскан Бройер, Райнер Гамсиэгер нарын 7 уран бүтээлчийн богино киног “Байгальд эргэхгүй” хөтөлбөрийн хүрээнд толилуулах юм. 

МАСТЕР КЛАСС: 

Кино наадмын үеэр уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүдтэй танилцахаас гадна урилгаар ирсэн хоёр найруулагчийн удирдан явуулах master class (семинар)-д суух боломжтой юм.

1. Ив Хеллерийн кино найраг

2. Петер Черкасскийн гараар бүтсэн кино урлаг

Мөн Алтан хальс холбооны тэргүүн, 2013 оны Бусаны кино наадмын тэргүүн дээд шагналт найруулагч  С.Бямбын “Баримтат кино ба ёс суртахуун” хэлэлцүүлэг, Монгол улсын ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн "Кино урлаг ба үндэсний хэв шинж" зэрэг хэлэлцүүлэгт сууж санал бодлоо солилцох боломжтой.

ТАСАЛБАР:

1 өдрийн 2000 төгрөг

2 өдрийн 3000 төгрөг

НАСНЫ АНГИЛАЛ: 16+