Төрийн үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болно
Энэ долоо хоногийн “Шийдлийн цаг” уулзалтаар 24 цагийн турш иргэдэд тасралтгүй үйлчилдэг төрийн үйлчилгээг бий болгох талаар хэлэлцсэн юм. Уулзалтад Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар оролцжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрд 24 цаг тасралтгүй гүйцэтгэдэг түргэн тусламж, онцгой байдлын алба зэрэг тусгай үйлчилгээнээс гадна төрөөс иргэддээ үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлж, хүнд суртал, төвөг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай болгох гарц, шийдэл байгааг дурдсан юм.
Тэрээр үүний тулд эхний ээлжинд гаднаа олон машин зогсох талбай бүхий байр гаргаж, яам, агентлаг болон Нийслэлийн төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн дараагийн шатанд захын дүүргүүдэд төрийн үйлчилгээ хүргэх салбаруудыг байгуулах замаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэдгийг хэлжээ.
Амралтын өдрүүд, ажлын бус цагаар үйлчлүүлж болох энэ үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардагдах хөрөнгө, урсгал зардлыг Засгийн газар тодорхой эх үүсвэрээс шийдэх боломжтойг Ерөнхий сайд онцолсон юм.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, “Энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай санаачлага. Иргэд замын түгжрэлд хотын төв рүү оролгүйгээр 24 цагаар үйлчлүүлж болох автомашины том зогсоолтой байр гаргах боломж бий. Хурдны зам дагуу байрласан байранд байгаа байгууллагуудыг нүүлгэж, засвар хийхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай” гэжээ.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа Программ хангамжийг хувийн хэвшлийн салбарт тулгуурлан хийлгэх бодлого баримталж байгаа, үүний хүрээнд төрийн үйлчилгээний программуудаа хөгжүүлээд, шинэчлээд явах боломжтой гэсэн байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд төрөөс үзүүлдэг 160 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх технологийн шийдлийг гаргаж, иргэд нэг цонхноос бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг дахин дурьдаад энэ дагуу холбогдох шийдвэрүүдийг гаргаж, яаралтай ажил хэрэг болгохыг үүрэг болгосон юм.