Засгийн газар

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Монголын эдийн засгийн хэтийн төлвийг эерэгээр үнэлж байгаа

М.Энхмаа
2015-06-04 04:27

Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлого, хөрөнгө оруулагчдад хандсан бодлого шийдвэрийн талаар Нью Иорк таймс сэтгүүлийнхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тодруулжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын эдийн засаг, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар  товч мэдээлэл өгсөн байна. 

Тэрээр :

“ Олон улсын түвшинд Монголыг уул уурхай талаас нь илүүтэй сонирхон харж, та бүхний томъёолсноор “Mining Mongolia” хэмээн нэрлэдэг. Бид ганц уул уурхай биш, эдийн засгаа солонгоруулах бодлогыг барьж хөдөө аж ахуйн, газар тариалан, техник технологи, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахаас гадна шинэ Монгол брэндийг бий болгохоор ажиллаж байна. Мөн хоёр хөршийнхөө далайн гарцыг ашиглаж гуравдагч зах зээлд гарах, бусад улсыг холбох гүүр, олон улсын бизнесийн төв болох сонирхолтой байна.” гэжээ.

Мөн эдийн засаг, бизнесийн хөгжлийг урагшлуулахын тулд хөрөнгө оруулагчдад гадаад, дотоод гэж ялгалгүй тэгш нөхцөл тавьж бизнес эрхлэх таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, бизнес эрхлэх хөрөнгө оруулахад харилцан ашигтай ажиллах боломжийг бий болгохын төлөө ажиллаж байгааг дурдсан байна.

Ярилцлагын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон улсын санхүүгийн байгууллагууд  Монголын эдийн засгийн хэтийн төлвийг эерэгээр үнэлж байгааг онцолжээ.