Засгийн газар

Европын Холбоо ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

Г.Хулан
2015-06-04 04:49

   Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын 2014-2020 он хүртлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг албан ёсоор баталж, талууд гарын үсэг зурлаа. Уг хамтын ажиллагааны хөтөлбөрийн гол зорилго нь ажлын байр бий болгох, эдийн засгийг хөгжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангаж, манай улсын засаглалыг дэмжихэд оршиж байгаа аж. Энэ үеэр Европын Холбоо Монгол Улсад 65 сая евро буюу 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон юм.  

 

 Энэхүү хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтийг ажлын байр шинээр бий болгох, ялангуяа уул уурхайн бус салбарт ажлын байрны тоог нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ. Түүнчлэн дээрх санхүүжилтийг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний стандартыг сайжруулж, Европын стандартад нийцсэн экспортын бүтээгдэхүүн гаргах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах юм байна. Түүнчлэн Монгол Улс, Европын Холбоо хамтран 8.5 сая евро буюу 18.5 тэрбум төгрөгийн төсөв бүхий "Монгол Улсад ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх" төслийн санхүүжилт батлагджээ. Төслийн гол хамтрагч тал нь Хөдөлмөрийн яам байх аж. Төслийн хүрээнд одоо хэрэгжиж байгаа техник мэргэжлийн сургалт, жижиг, дунд үйлдвэрлэл, стандартын чиглэлийн төслүүдийг ч цаашид бэхжүүлэх юм байна.