Дэлхийд

Дэлхийн хамгийн анхны гавлын яс шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо  

О.Намуун
2015-06-04 22:49

АНУ-ын Техас мужийн эмч нар дэлхийн хамгийн анхны хэсэгчилсэн гавлын яс болон хуйх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Тус мэс ажилбарыг Андерсон Хавдар судлалын төв, Хьюстон Методист эмнэлгийн эмч нар хамтран тавдугаар сарын 22-нд хийж гүйцэтгэжээ. Өнгөрсөн жил Нидерландад 3-D хэвлэгчээр хэвлэсэн хуванцар гавлын ясыг шилжүүлэн суулгаж байсан удаатай. Харин энэ удаагийнх нь хиймэл суулгац, энгийн яс залгахаас татгалзаж, жинхэнэ хүний гавлын ясыг шилжүүлэн суулгасан байна.

Өвчтөн Жим Бойсен нь 55 настай, программ хөгжүүлэгч нэгэн аж. Тэрээр 5 настайгаасаа л чихрийн шижинтэй байсан тул 1992 онд бөөр-нойр булчирхай шилжүүлэн суулгуулж байжээ. Тухайн үедээ тэрээр өвчтэй эрхтнүүд нь бүр мөсөн ажиллагаагүй болохоос сэргийлэх эм хэрэглэдэг байв. Энэхүү дархлаа дардаг эм нь хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар маш ховор төрлийн “leiomyosarcoma” хавдрыг үүсгэжээ. Мөн уг эм нь шинэ эрхтнүүдэд нь ч муугаар нөлөөлж эхэлсэн байна.

Дээрх ховор төрлийн хавдар ихэвчлэн гөлгөр булчинд нөлөөлдөг ч Бойсены хувьд хуйхан дор нь үүсч, симпатик мэдрэлийн системд нь нөлөөлж эхэлжээ. Тэрээр хорт хавдрыг устгах цацраг эмчилгээ хийлгүүлж эхэлсэн ч мөн л бүтэлгүйтэж, түүний толгойн хэсэг устжээ.

Ийнхүү түүний бие эрчтэй муудах үед Андерсон төвийн эмч Жесси Селбер түүнд гавлын яс болон хуйх шилжүүлэн суулгахын зэрэгцээ шинэ бөөр-нойр булчирхай давхар суулгаж бүх өвчнийг нь эдгээх саналыг гаргаснаар уг мэс ажилбарыг хийсэн байна.