Ерөнхийлөгч

Сонгуулийн ардчиллыг хөгжүүлэхэд Швейцарь улс дэмжлэг үзүүлж буй гэв

О.Намуун
2015-06-04 23:17

Швейцарийн холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Жак Де Дарделийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хүлээн авч уулзлаа.

Монголд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос Швейцарийн холбооны Улстай харилцах харилцаа идэвхжиж засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах, шууд ардчилал, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, экологи-эдийн засгийг хослуулсан “ногоон” чиглэл хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдэд туслах зэрэг олон чиглэлд хамтран ажилласаар иржээ.

Энэ жил Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэг Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой тохиож буй. Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсыг хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай орон хэмээн үзэж 2013-2016 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ стратеги боловсруулсан.  Үүний дагуу Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, Мэргэжлийн боловсрол, сургалт, Захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэдийн оролцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж буйгаа Элчин сайд уулзалтын үеэр онцолж байв.

Монголд анхны чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ойг ирэх 7 дугаар сарын 29-нд тэмдэглэнэ. Монгол Улс сонгуулийн ардчиллыг иргэдийн оролцоонд тулгуурлаж, шууд ардчиллын хэлбэрээр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уг ажилд Швейцарь Улс нэн түрүүнд дэмжлэг үзүүлж буйг онцолж байлаа.