Засгийн газар

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болжээ

М.Энхмаа
2015-06-05 00:34

Өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болжээ.  

Энэхүү хуралдаанаар орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох ХАА-н салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцон холбогдох шийдвэрүүдийг гаргахыг зорьсон байна.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

Улс орон эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хариуцлага хүлээсэн хүн бүрийн хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллагаа нэн чухал байна. Нэг баг болж ажиллаж байгаа бидний хувьд илүү их хүчин чармайлт, идэвх санаачилга шаардлагатай. 21 аймаг, нийслэлийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, 1600 багийн удирдлагууд ЗГ-ын танхимаас гарсан аливаа шийдвэрийг тосч ажиллах учиртай.

Өнөөдрийн бий болоод байгаа эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад ЗГ, нутгийн удирдлагын байгууллага хоорондын ажлын уялдаа, удирдах удирдуулах ёс жаяг, харилцан дэмжлэгтэй хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай” гэжээ.

Үргэлжлүүлээд салбар яамдын сайдууд үйл ажиллагааны тайлан, ажлын явц, цаашдаа хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийж аймаг, нийслэлийн Засаг дарга нар саналаа хэлэн, холбогдох сайдуудаас тодорхой асуудлаар хариулт авсан юм.

Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг өглөө

Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулсан юм.

Түүнд дараах ажлуудыг даалгажээ. 

- Үйлдвэрлэл, технологийн цогцолборын тухай хуулийн төсөл болон Импорт орлох, экспорт дэмжих үйлдвэрлэлийн төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар                  хэлэлцүүлэх

- Хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрийн салбарт санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх

- Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг орон нутагт зохион байгуулах, аж үйлдвэрийн салбарт дэвшүүлж байгаа бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг,    нийслэлд тодорхой 2-3 асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэх

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг үүрэг болголоо

Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааны талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг мэдээлэл хийжээ.

- Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн шийдвэрээр 2015 онд аймаг, нийслэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга        хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах

- Ажлын байр хадгалах, иргэдийг ажилгүйдэлд өртөхөөс сэргийлэх болон шинэ ажлын байр бий болгох чиглэлээр шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгуулж            хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог жижиг зээлийн хэмжээ, эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт      оруулах тухай хуулийн төсөл болон “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулж ЗГ-ын хуралдаанаар    хэлэлцүүлэх

зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус яамны сайд болон аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгасан байна.

Малчны лавлах-109” утас ажиллаж эхэлнэ

Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцуулжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад 

- Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

- ХАА-н салбарт хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийг бордоо, ургамал хамгааллын бодис, техник, технологийн шинэчлэлд ашиглах, мал, мах, хөдөө аж ахуйн            гаралтай бусад бүтээгдэхүүний экспортыг тухайн импортлогч улсуудын хорио цээрийн байгууллагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх

- Малчны лавлах шуурхай утсыг ажиллуулах

зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулахыг Засаг дарга нарт үүрэг болголоо

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 2014 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүн болон Хог хаягдал, орчны бохирдлын талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд Хог хаягдлын норматив тогтоох, тоо бүртгэл хийх ажлыг зохион байгуулах, тус хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Сүхбаатар аймагт 1500 айлын орон сууцны хороолол барина

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан аймаг бүрт орон сууц барих зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт 1500 айлын орон сууцны барилга барих төслийг БНХАУ-ын “Сан Еэ” группийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн талаар тус аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ.

Энэ төслийг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар дэмжиж, орон нутгийн зах зээлийн багтаамжид үндэслэн, барилгын норм, дүрмийн шаардлагад нийцүүлэн, мэргэжил, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нарт тус тус даалгасан байна.

Коронавируст халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт коронавируст халдвар болон улаанбурхан өвчний дэгдэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Коронавируст халдвар нь амьсгалын замаар дамждаг, хүнд явцтай, нас баралт өндөртэй шинэ халдварт өвчин бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгажээ.