Өнөөдөр "Венийн үдэш" цэнгүүн Чингисийн талбайд болно
"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүнийг 2 дахь удаагаа 06-р сарын 05-ны өдөр буюу өнөөдөр 17 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчдөөс гадна Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын Симфони оркестр, Улсын филармоний Симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний найрал хөгжим, Хүүхэд Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн Спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцож байгаагаараа онцлог юм.
Цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэх болно. Монголын урлагийн шилдэгүүд нэг дор цугларах энэхүү "Венийн үдэш" цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү, удирдаач Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар оролцож байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан ажиллаж байгаа ажээ.