Бусад

“Монгол хэлний цахим тайлбар толь”-ийг хөгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал

Э.Золжаргал
2015-06-05 03:05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гүйцэтгэж буй “МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийн эхний хувилбар өнгөрсөн 2 сард нээлттэй болсон. Олон нийтийн санаа бодол, нэмэн баяжуулсан үг, тайлбарыг багтаасан “МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийн бүрэн хувилбар 2015 оны 12-р сард олны хүртээл болох юм.

Нийт 60000 гаруй толгой үг, 80000 гаруй хоршоо үг, холбоо үг, хэлцийг багтаасан “МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-оос  та сонирхсон үгийнхээ утгын тайлбар, утгыг нэмэн тодруулсан утга зохиолын жишээ, монгол бичгийн бичлэгийг харах, утга зохиолын хэлний зөв дуудах зүйд нийцсэн дуудлагыг сонсох юм.

 “МОНГОЛ ХЭЛНИЙ ИХ ТАЙЛБАР ТОЛЬ”-ийн энэхүү хувилбарыг манай үе үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээн хуримтлуулсан тайлбар толь бичгийн өв уламжлалд тулгуурлан гаргасан байна. Харин одоо энэ толио цаашид улам төгөлдөр баян болгохын төлөө хамтдаа хамтран ажиллах уриалга гаргалаа:

“Та уг толь дахь үгсийн утгыг нэмэн дэлгэрүүлэх; өөрийн нутгийн аялгууны өвөрмөц нандин үгс, холбогдох мэргэжлийн нэр томьёо, нийгмийн олон талт хөгжлийг даган гарч буй шинэ үгийг утгын тайлбар, жишээ, зургийн хамтаар толийн санд нэмэн оруулах бүрэн боломжтой. Ингэснээр бид монгол хэлнийхээ эрсэн үгийн утгыг эндүүрэлгүй зааж өгдөг, хайсан үгийн утгыг хуудуугүй зааж өгдөг “нэгдмэл тайлбар толь”-ийг хамтдаа бүтээх юм.” хэмээн тус багын хамт олноос уриалсан байна.