Уул уурхай

Рио Тинто: Банкнууд Оюу Толгойд хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна

О.Намуун
2015-06-07 23:02

Рио Тинтогийн зэсийн группийн захирал Жан-Себастиан Жак зарим банкнууд Монголын зэс, алтны уурхай болох Оюу Толгойд 4 тэрбум ам.долларын санхүүжилт оруулахад туслахаа илэрхийлээд байгаа гэв.

Өнгөрсөн долоо хоногт ноён Жак 15-20 банкны консорциумтой санхүүгийн уулзалт хийж, гэрээ хийх ажлыг эхлүүлсэн. Тэрээр Австрийн Санхүүгийн тоймд өгсөн яриандаа хэд хэдэн хувийн болон төрийн банкнууд төслийг дэмжихээ амлаж байгаа төдийгүй консорциумын гэрээ ирэх саруудад дуусна хэмээн дурдсан байна.

Рио Тинто өнгөрсөн сард Монголын засгийн газартай зэс, алтны уул уурхайн олборлолтод 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан. Тус компани өмнө нь ил уурхайд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2014 онд 1,7 тэрбум ам.долларын орлого олсон билээ. Гэвч уул уурхайн баялгийн 80% нь газар дор бий. Газар доорх уурхайн бүтээн байгуулалтад 5-6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Оюу Толгойг санхүүжүүлэхэд туслах банкнуудын консорциумд Олон улсын санхүүгийн корпорац, арав гаран арилжааны банкнаас гадна АНУ, Канад, Австрали, Азид байрлах засгийн газрын экспортын санхүүгийн байгууллагууд багтаж байгаа аж.