Ерөнхийлөгч

Европын холбооны парламентын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч үг хэлнэ

О.Намуун
2015-06-07 23:41

Дэлхийн эдийн засгийн хамгийн том бүрдүүлэгч Европын холбооны парламентын хүндэтгэлийн чуулганд Монгол улсын Ерөнхийлөгч үг хэлэхээр уригджээ. Тэрээр Ази тивээс Европын парламентад үг хэлж буй цөөн удирдагчдын нэг болж буйгаараа онцлог юм. Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд болох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгдсэн хуралдааны хоёр дахь өдөр 12.00 /орон нутгийн цагаар/ цагт 30 минутад үг хэлнэ.

Энэ жил Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгосны 25 жилийн ой тохиож буй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэхийг урьж, Евро парламентын Ерөнхийлөгч Мартин Шульц урилгаа илгээсэн байна. Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцолно хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн. Мөн түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тухайлбал, Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх, Монгол, Европын Холбооны хооронд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд хүчин төгөлдөр болгох, Монгол Улсыг Европын Холбооны “Зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалт”- аас хасуулах зэрэг асуудлыг энэ ажлын айлчлалын үеэр шийдвэрлэхэд зохих дэмжлэг үзүүлэх аж.

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

"Европ тивийн 28 орны сонгогчдын төлөөлөл 751 гишүүнтэй ЕвроПарламентын Хүндэтгэлийн Чуулганд Монгол Эх орноо төлөөлж үг хэлэх их итгэл, гүн хүндэтгэл хүлээв. Монгол түмнийхээ түүх, эрх чөлөө, шинэ сонголт,ололт амжилт, ирээдүй, сорилт боломжийн тухай санааг дэлхийн чихэнд хүргэх сайхан боломж. Энэ бүхнийг бүтээхэд хүчин зүтгэсэн, зүтгэж байгаа үе үеийн Монголчууддаа талархал илэрхийлье."