Засгийн газар

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллажээ

М.Энхмаа
2015-06-08 01:39

Өнгөрөгч амралтын өдрүүдээр УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, аймгуудын удирдлагуудтай уулзан орон нутгийн ажил байдалтай танилцжээ.

Мөн орон нутагт ажиллах томилолтынхоо хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсэд, төмөрлөгийн үйлдвэр, “Дархан нэхий” үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Сэлэнгэ аймагт ажиллажээ

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж тус аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн талаар асууж сонирхжээ.

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарлаж “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдгээрээ онцлогтой болсныг аймгийн удирдлагууд онцолсон байна.

УИХ-ын дарга Сэлэнгэ аймгийн Засаг дарга агсан, төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөө аж ахуйн ухааны доктор, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн Г.Төмөрбаатарын нэрэмжит  гудамжны нээлт, хүндэтгэлийн самбар байрлуулах ёслол болон номын нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ.  Мөн энэ үеэрээ Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.

УИХ-ын даргын орон нутаг дахь томилолтоороо Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр УИХ-ын даргад 2013-2015 онуудад хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсан юм.

Чөлөөт бүсэд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлал, үйлчилгээ, олон улсын банк санхүүгийн чиглэлийн, төлбөрт таавар, бооцоот тоглоом гээд бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн зохицуулалттай бөгөөд чөлөөт бүсийн нийт орлогын 20 хүртэлх хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн   засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор зарцуулах юм байна.

Танилцуулгын дараа УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн хугацаанд улсын төсвөөс хэчнээн төгрөгийн санхүүжилт авч, ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар тодруулаад "10 тэрбум төгрөгөөр нэг сумын төвийг бүрэн тохижуулдаг байтал танай чөлөөт бүс 19 тэрбумын төсөв авсан байна. Гэтэл бохир усны шугамаа Алтанбулагаас Сүхбаатар хүртэл татахаар төлөвлөсөн нь инженерийн шийдлийн хувьд оновчгүй, эдийн засгийн хувьд үрэлгэн бодлого болсон байна" хэмээн шүүмжилсэн ажээ.

Дархан-Уул аймагт ажиллажээ

УИХ-ын дарга З. Энхболд томилолтын 2 дахь өдрөө Дархан-Уул аймагт ажиллаж  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. Мөн  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д ажиллажээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн хэтдээ ган бүтээгдэхүүнй үйлдвэрлэх зорилгоор байгуулагджээ. Одоо тус үйлдвэр нь гангийн үйлдвэрлэл, уул уурхай гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа тус компанийн үйлдвэр хариуцсан дэд захирал М.Баттөгс УИХ-ын даргад танилцуулав.

Энэ үеэрээ “Дархан нэхий” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тус үйлдвэр нь Итали, Испани,Тайланд улс руу хагас боловсруулсан шир, ОХУ руу арьсан бүтээгдэхүүн экспортолж байгаагийн зэрэгцээ Европын хэд хэдэн улстай бүтээгдэхүүнээ экспортлох гэрээ хийн, эхний ээлжинд загваруудаа тохиролцсон байдалтайгаар ажил үргэлжилж байна гэв. Түүнчлэн цахим худалдааны томоохон сүлжээ болох www.alibaba.com сайтаар олон улсын хэрэглэгчдээс онлайн захиалга авч байгаа болохоо УИХ-ын даргад танилцуулав.

 УИХ-ын дарга З.Энхболд томилолтынхоо сүүлийн өдөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцжээ.

Энэ үеэр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Батдорж үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, валютын гадагшлах урсгалыг зогсоох үүднээс чулуунцарын импортын гаалийн татвар 5 хувь байгааг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх, зах зээлийн оргил ачааллаас бусад үед импортын цементийн гаалийн татварыг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх, цахилгаан эрчим хүчийг “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-аар дамжуулахгүйгээр “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-аас шууд худалдан авах эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай талаар танилцуулсан юм.