Б.Гарамгайбаатар : Төр Гацууртын ордын эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр солино
АН бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа "Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төсөл болон Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн юм.
Мөн УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэж, бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гацууртын ордын талаарх асуудлыг авч хэлэлцээд зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан хэмээн мэдэгдсэн юм.
Тэрээр :
“ Төр өнгөрсөн жил Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэрийг гаргаад өнөөдөр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг тогтоолын төслөөр оруулж ирж байна.
Тогтоолын төсөлд :
- Гацууртын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 34 хувиар тогтоох
- Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө тал буюу хөрөнгө оруулагч талд шилжүүлэх талаар хэлэлцээ хийж, тохиролцсон тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг зохих журмын дагуу тогтоож, улсын төсөвт төвлөрүүлэх
гэж заасан.
Өмнө нь төр 34 хувийг эзэмших юм бол тухайн ААН-д оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүүц хэмжээний хөрөнгийг Монгол улсын ЗГ гаргах бөгөөд Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ зэрэг цаг хугацаа үрсэн олон ажлыг хийх шаардлагатай болоод байсан.
Тиймээс Засгийн газар ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд ашигт малтмалын тусгай төлбөр авъя гэсэн оновчтой шийдлийг гаргаж ирсэн
. Өөрөөр хэлбэл 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр сольж байгаа
гэсэн үг.” гэв.