Бусад

Дэлхийн өсөж яваа, залуу од TOKiMONSTA-ийн өвөрмөц хэмнэл “Hunnu Music Festival 2015” дээр эгшиглэнэ

Э.Золжаргал
2015-06-08 10:08

Монголын хамгийн анхны олон улсын орчин үеийн хөгжмийн наадам болох “Hunnu Music Festival 2015” Чингис Хааны морьт хөшөө цогцолборт 7 сарын 14-нд зохиогдохоор болсон билээ. Hunnu Music Festival нь дэлхийд нэр хүндтэй, чадварлаг DJ хөгжимчдийг Монголдоо урьж тоглуулдаг жишиг тогтоогоод байгаа. Энэ жил дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох хөгжмийн продюсер/битмакер/дийжэй TOKiMONSTA хүрэлцэн ирэхээр болсон тухай сайхан мэдээг тус наадмыг зохион байгуулагчидийн зүгээс албан ёсоор зарласан юм.  Hunnu Music Festival 2015-д олон улсын DJ нар, мөн Монголдоо ур чадвараараа шилэгдсэн болон шинээр гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан нийт 12 цагийн шоу хөтөлбөрийг хүргэхээр ажиллаж байна. Харин TOKiMONSTA –ийн хувьд Headline/Толгой уран бүтээлчээр уригдан оролцох юм.

TOKiMONSTA:

TOKiMONSTA нэрээр олонд танигдсан Жэннифер Лий нь “indie electronic/r&b/dance music” урсгал чиглэлээр тоглодог дэлхийн хөгжмийн зах зээл дээр тун  амжилттай яваа продюсер/битмакер/дийжэй бүсгүй юм. Тэрээр Солонгос гаралтай ч  АНУ-ын Лос Анжелес хотод өсч, Калифорниагийн Их сургуулийг төгсжээ. 2008 оноос хойш хөгжмийн салбарт орж ирэн хамгийн анхны цомог ''Midnight Menu''-гээ 2010 онд гаргасан. TOKiMONSTA хуучны гэмээр хөг хэмнэлийг маш эрчимтэй хэлбэлзэлтэй нэгтгэн “soundscape” буюу байгалийн чимээ, дуу авиан бүтэцтэй цуурайг үүсгэж сонгодог хэрнээ электро хөгжмийг бүтээдэгээрээ онцлогтой юм. Ийнхүү тэрээр өөрийн хөгжмийн мэдрэмжээ бас “өөрийгөө” илэрхийлдэг. Түүний Gavin Turek-тай хамтарч саяхан олон нийтийн хүртээл болгосон “Frontline” дуу нь Billboard -ын чарт-д нэр дэвшин орж ирсэн нь түүний кареер хэрхэн хурдацтай өсөж байгааг харуулж байгаа юм.

Ингээд та бүхэнд түүний зарим уран бүтээлээс хүргэж байна: