Өнөөдөр Олон Улсын Архивын Өдөр
Өнөөдөр Олон Улсын Архивын өдөр. Анх 2004 онд Вена хотод болсон Олон улсын уулзалтын 2000 оролцогчоос “Олон улсын архивын өдөр” бий болгох хүсэлтийг НҮБ-д тавьж байжээ. Энэ үед зарим орнууд нь архивын ач холбогдолын талаарх олон нийтийн болон шийдвэр гаргагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор аль хэдийн Үндэсний архивын өдөртэй болохоор шийдсэн байсан юм.
Тус үйл явдлын дараа буюу 2005 онд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 33-р чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 27-ний өдрийг “Дэлхийн дүрс бичлэгийн өвийн өдөр” болгон тунхагласан. Ийнхүү дэлхийн өдөр болгох нь дуу дүрсний архивын ач холбогдолд олон нийтийн анхаарлыг түлхүү хандуулж, сонирхлыг нь нэмэгдүүлэх сайхан боломж болж байлаа. Энэ нь зөв зүйтэй санаачлага байсан ч зөвхөн архивын баримтыг эрсдэлээс хамгаалах биш, архивын салбарт анхаарал хандуулах нь чухал гэдгийг харуулж байжээ.
Дээрх шалтгаануудын улмаас Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “ОЛОН УЛСЫН АРХИВЫН ӨДӨР” болгохоор шийдвэрлэсэн юм. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон Улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй ажээ.