Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулна гэжээ
Өнөөдөр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тус байнгын хороонд 2015 оны өнгөрсөн 5-р сард иргэдээс 322 өргөдөл ирүүлсэн талаар мэдээлсэн байна.
Үүний:
22 буюу 6.8 хувь нь иргэдийн санал
40 буюу 12.4 хувь нь гомдол
222 буюу 68.9 хувь нь ахуйн шинжтэй асуудал
35 буюу 10.9 хувь нь бусад асуудлаар ханджээ.
Энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс тус байнгын хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу АНЭУ-ын Дубай хотноо гарын үсэг зурсан гэрээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар судалж байгаа талаар мэдээлсэн юм.
Түүнчлэн газрын тосны олборлолт явуулж буй компаниудын талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхээр байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын 11-14-ний өдрүүдэд нөхцөл байдалтай биечлэн танилцах болсон гэлээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уулын талаар болон өндөр насны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр судалж байгаа талаар байнгын хорооны дарга О.Баасанхүү танилцуулсан байна.