Ноён уулыг хамгаалалтанд авах хуулийн төслийг өргөн барина
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд тусгай хамгаалалтад авч байгаа тухайн газрын хилийн заагийг тогтоолгосны дараа УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Тогтоолын төслийг боловсруулахдаа байгалийн бүсийн хэв шинжийг төлөөлж чадах экосистемийн онцлог, унаган төрх байдлаа хадгалж үлдсэн ач холбогдол, эрдэмтэн судлаачдын багийн судалгааны ажлын үр дүн, иргэдийн санал дүгнэлтэд үндсэлжээ.
Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл гурван заалтаас бүрдэх бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах, хавсралтаар хилийн заагийг батлахаар тусгажээ.
Ноён уулыг хамгаалалтад авснаар тус уулын ойн хүлэмжийн хий, агаарын бохирдлыг шингээх чадавхи, хүчилтөрөгчийн нөөцийн хангамжийг өнөөдрийн түвшинд хадгалж үлдээхээс гадна түүхийн хосгүй өв Хүннүгийн булш бунхныг хэвээр үлдээж, Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт сүйтгэгдэхгүй байх чухал ач холбогдолтой юм байна.