Засгийн газар

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэж байна

М.Энхмаа
2015-06-10 00:59

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгч санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулжээ.

Хуульд тусгагдсан багц өөрчлөлтөөс тоймловол:

  1. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болсон: Албан ёсны гэр бүлийн гишүүнээс гадна тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа хүүхэдтэй хүмүүс зэрэг.
  2. Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх тохиолдлыг зөвхөн зөрчлийн хэмжээнд авчүзэж байсныг өөрчилж гэмт хэрэгт тооцон, ял ногдуулах зохицуулалтыг томъёолсон. Ингэснээр гэм буруутай этгээд гарцаагүй хариуцлага хүлээх нөхцөл бүрдэнэ.
  3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах байгууллагуудын үйл ажиллагаа салангид, зарим яамны чиг үүрэг орхигдсон байгааг өөрчилж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг Хууль зүйн сайдаар ахлуулсан Дэд зөвлөл хариуцахаар, мөн Боловсрол, Соёлын  болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн яамдын чиг үүргийг илүү нарийвчлан тодорхойлж, харъяа мэргэжилтнүүдээ сургах, мэргэшүүлэх үүргийг  холбогдох байгууллагуудад даалгасан.
  4. Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг хязгаарлагдмал байдлаар хуульчлагдсан байсныг өөрчилсөн мэдээлэх үүрэг бүхий этгээдэд багш, эмч, нийгмийн ажилтан, баг хорооны ажилтан, төрийн албан хаагч зэрэг этгээдүүдийг нэмж оруулсан. Мөн мэдээлэгчийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.
  5. Хохирогчийн аюулгүй байдлыг богино хугацаанд хамгаалалтаар хангах боломжийг нэмэгдүүлж, хамгаалалтад ажиллах цагдаагийн эрх хэмжээг нэмэх боломж үүсгэсэн.
  6. Хохирогчид хэн үйлчилгээ үзүүлэх нь тодорхойгүй байсныг өөрчилж, аюулгүй байдал, эмнэлэг, сэтгэлзүй зэрэг 6 төрлийн үйлчилгээг томьёолж, хэн хариуцах, хэрхэн санхүүжүүлэх тухай зохицуулалт тусгасан.
  7. “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах” гэсэн тусгай бүлгийн зохицуулалтыг нэмж томъёолсон. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх үүргийг мэргэжилтнүүдээс гадна иргэдэд хүлээлгэсэн. Хуулийн хэрэгжилтэд тавих шаталсан хяналтыг олон нийтийн хяналттай хосолсон байдлаар тусгасан.