Бусад

Сэрэмжлүүлэг: ОХУ-аас хуурамч архи ихээр орж ирж байна гэв

Bolor Rose
2015-06-10 01:44

Монгол Улс болон ОХУ-ын иргэд  энэ оны нэгдүгээр сараас эхлэн харилцан визгүй зорчдог болсон. Үүнтэй зэрэгцээд хоёр талын хилээр нэвтрэх иргэдийн урсгал өнгөрсөн хугацаанд эрс нэмэгдсэн байна.  Учир нь ОХУ-руу гарч буй манай улсын иргэд буцаж орж ирэхдээ зөвшөөрөгдөөгүй их хэмжээний архи, согтууруулах ундаа хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирэх явдал ихэсжээ. Гэтэл хууль бусаар оруулж ирсэн архи, хүнсний бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй хуурамч болохыг МХЕГ-аас илруулсэн байна.  Тухайлбал, МХЕГ-аас “Пишеничная”, “Бялая берёзка”, “Водка выбор” зэрэг нэр төрлийн архинууд чанарын шаардлага хангахгүй хуурамч архи болохыг нь тогтоожээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны нэгдүгээр улиралд л гэхэд  хатаасан жимс, 227 кг, гурилан бүтээгдэхүүн 30 кг, лабораторийн урвалд орчихсон хүнсний бүтээгдэхүүн  16 ширхэг, хатаасан ургамал 200 грамм, Үхрийн мах 4 кг,  Гродзё вино 3 литр, Белая берёзка архи /0.5 литр/ 46 ширхэг, Абрикос вино 2 литр, Сайра загас, 432 ширхэг, нийт 1 сая 915 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна. Дээрх бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах эрсдэлтэй. Хүнсний чанарын баталгаа хангаагүй байжээ.

Иймд  МХЕГ-аас иргэн хувь хүн хүнсний бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор импортлохгүй байх, хувийн хэрэглээндээ худалдан авах бараа, бүтээгдэхүүнийхээ хадгалах нөхцөл, хадгалалтын хугацааг сайтар хянаж, хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн авахгүй байж сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.