Д.Зоригт : Эрчим хүчний үнийн зөрүүг арилгах шийдлийг оруулж ирж байгаа
Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдийн тодруулсан асуултад хариулт өгчээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт :
“ 5-р цахилгаан станцыг Баянзүрхийн товчоо, Налайх хоёрын дунд байрлах Хөлийн хөндийд барьж байгуулахаар болсон. Энэ станцыг байгуулах концессын ерөнхий гэрээг өнгөрсөн оны 6-р сард байгуулснаас хойш бүрэлдэхүүн хэсэг болох 10 гаруй дагалдах гэрээнүүд дээр ажиллаж байна.
Өнгөрсөн 2-р сараас нүүрс болон эрчим хүчний дагалдах гэрээтэй холбогдуулан хэд хэдэн уулзалт зохион байгуулсан. Эдгээр гэрээнүүд гүйцэд байгуулагдаад, үүний үндсэн дээр хөрөнгө оруулагч компани, банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө мөнгө босгож чадвал энэ цахилгаан станцын ажлыг 2016 онд эхлэх боломжтой гэж үзэж байгаа.
Амгалан дулааны станцыг энэ оны 8 сараас туршилт, тохируулгын журмаар ажиллуулсны дараа байнгын халаалтын үйл ажиллагааг эхэлнэ төлөвлөж байна.
Энэхүү станц нь Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангана.” гэжээ.
Мөн сэргээгдэх эрчим хүчний үнэ цахилгаан станцуудын эрчим хүчний дундаж үнээс 50 орчим төгрөгний зөрүүтэй байгааг арилгах шийдлийг Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчиний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хэмээн мэдээлсэн байна.