Засгийн газар

Ерөнхий сайдын 16 дахь шийдэл

М.Энхмаа
2015-06-10 06:25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоногийн лхагва гараг бүр “Шийдлийн цаг” уулзалтыг зохион байгуулан холбогдох хүмүүстэй уулзаж тодорхой шийдлийг гаргадаг.

Өнөөдрийн  уулзалтаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан элэгний С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ эмийн талаарх мэдээлэл авч, өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө. Засгийн газар солигдохоос өмнө Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн санаачлан хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд ийнхүү Харвони эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авахаар болсон тул түргэн шуурхай эмчилгээнд оруулах шаардлагатай болон архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Уулзалтын үеэр Г.Шийлэгдамба сайд :

"Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Энэ нь интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн"

гэжээ.

 

 

Ерөнхий сайдын "Шийдлийн цаг" уулзалтаар гаргасан 16 шийдлийг хүргэж байна.

  1. Төрийн ажилд том машин унахаа больё
  2. Эмнэлгийн барилгад эмнэлэг л ажиллана
  3. Онгоцны түлш шинэ эх үүсвэртэй болно
  4. Хяналтыг хянаж, хянагчид дэмжигч болно
  5. Хилээр зорчигчдыг хил зөрчигч болгохоо больё
  6. Улсын сургууль, эмнэлгийг менежмент удирдана
  7. Ипотекийн зээлийн урьдчилгааг 10% болгоё
  8. Балгас болсон барилгыг нялхсын эмнэлэг болгож дуусгая
  9. Ноолуурыг зээлийн барьцаа болгоё
  10. Том оврын автомашинуудыг хилийн боомтод хуваарилна
  11. Төрийн үйлчилгээг ТҮЦ машин болон ezasag.mn хаягаар авна
  12. Татвар төлөгчдөө дарамталдгаа больё
  13. Иргэний нисэхийн үндэсний корпораци байгуулна
  14. Яармагийн газрыг эргэлтэд оруулъя
  15. Төрийн үйлчилгээг 24 цаг нээлттэй, хүртээмжтэй болгоно
  16. Элэгний С вирусыг устгах Харвони эмийг яаралтай оруулж ирнэ