Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслүүдийг өргөн барьжээ
Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барьжээ.
Тэрээр дэлхий дахинаа төлөвшин хөгжиж буй үндсэн хуульт ёс, үндсэн хуулийн шүүхийн өсөн нэмэгдэж буй үүрэг, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийг өөрчлөн сайжруулах үндэслэл бүрдээд байгаа хэмээн үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цэцийн мөн чанар, чиг үүрэгт нийцүүлэн шүүх байгуулахыг хуульчлан тодорхойлох заалтуудыг оруулсан талаар УИХ-ын даргад танилцуулсан байна.
Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлд:
- УИХ-ын 8-аас доошгүй тооны гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль болон УИХ-ын бусад шийдвэр, мөн сонгуулийн үр дүн болон мандатад нөлөөлж болох
- Сонгуулийн төв байгууллагын шийдвэр болон эрх бүхий албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн буюу түүнийг огцруулах, эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл хүсэлт гаргах
- Цэцийн бие даасан, гишүүний хараат бус, эрх тэгш байдлыг хангах үүднээс шүүхийн нийтлэг жишгийн дагуу Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хуваарилах
- Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилохдоо урьдчилан тогтоосон журмын дагуу тойргийн зарчмыг удирдлага болгох
зэрэг зохицуулалтыг хийхээр тусгасан талаар танилцуулжээ.