Улсын их хурал

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал шинээр томилогджээ

М.Энхмаа
2015-06-10 23:56

Өчигдөр УИХ-ын гишүүн А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирал Дийпак Элмер болон Габриэлла Спирили нарыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер цаг зав гарган биднийг хүлээн авч уулзсанд баяртай байна гээд Монгол Улсад томилогдон ажиллах хугацаа нь дуусгавар болж байгаа талаар дуулгасан юм.

Мөн тэрээр "Монгол Улсад ажилласан хугацаанд УИХ-ын Тамгын газартай хамтран олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд дэмжин ажиллаж байсан та бүхэнд талархал илэрхийлье. Швейцарийн Хөгжлийн агентлагийн удирдлагуудын зүгээс УИХ болон УИХ-ын Тамгын газартай засаглалын хөтөлбөрийн хүрээн дэх амжилттай хамтын ажиллагааг ихээхэн дэмждэг" гэжээ.

Түүнчлэн Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар шинээр томилогдон ирж буй хатагтай Габриэлла Спирилиг танилцуулсан юм.

УИХ-ын Тамгын газар нь Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” болон “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд суралт зохион байгуулагдан, ажил идэвхтэй явагдаж байгаа ажээ.