Төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглох хууль батлагдлаа
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Ё.Отгонбаяр нар хуулийн төслөөс “төрийн байгууллагад зөвхөн нийтээр тэмдэглэх баярын өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэснийг хасч, “төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно” гэсэн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн хуулийн төслийн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигджээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 72 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийг эцэслэн баталсан байна.