Улсын их хурал

Хүүхдийн тухай хуулиудад санал авна

М.Энхмаа
2015-06-11 04:15

УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжих лобби бүлэг нь дээрх хоёр хуулийн төсөлд иргэд олон нийтээс санал авах “Хүүхдийн төлөө ногоон карт”аяныг санаачлан зохион байгуулж байгаа юм байна.

Энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнесийн хамтаар мэдэгдэл хийжээ.

Мэдэгдэлд “Хүүхдийн төлөө ногоон карт”аяныг өнөөдрөөс эхлээд  14 хоногийн хугацаанд буюу энэ сарын 25 хүртэл зохион байгуулах талаар дурдсан юм.

Аяны хүрээнд саналыг

Улаанбаатар хотод - Оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраар

Орон нутагт - Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдээр

дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авах ажээ.