Улсын их хурал

Эдийн засгийн хуулиудыг хамтад нь хэлэлцэх хэрэгтэй гэжээ

М.Энхмаа
2015-06-11 08:17

Үдээс хойшийн нэгдсэн чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Уг хуулийг төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн гишүүн дээрх хуулийн төслийг Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.  

Х.Тэмүүжин гишүүн : Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг өршөөлийн тухай хуультай хамт хэлэлцэхгүй бол болохгүй

ЭЗ-ын ил тод байдлын тухай хууль үндсэндээ татвар, аудитын байгууллагуудад зориулсан хууль. Өөрөөр хэлбэл энэ хуулиар ААН, иргэн, хуулийн этгээдүүдийн нягтлан бодох бүртгэл, татвар төлөлт, татварын хяналтыг нэг стандартад оруулах зохицуулалтыг хийж байгаа.

Яг ААН, иргэнд зориулсан нь ЭЗ-ын өршөөлийн хууль бөгөөд  энэ хуулиар хариуцлага, ял шийтгэлээс чөлөөлөгдөнө. Бид өршөөлийн хуулийг нь орхиод ил тод байдлынх нь хуулийг хэлэлцэхээр бүртгэлийн үйл ажиллагаа сайжраад нуугдсан далд байсан олон зүйлүүд ил болж магадгүй.

Гэхдээ энэ нь хуулийн байгууллага ААН, баялаг бүтээгчдээ тарвага шиг хошгоруулж байгаад буудах гэж байгаатай яг адил зүйл. Яагаад гэвэл эрүүгийн хуулинд хариуцлагын заалтууд бэлэн байхад нуусан татвараа ил болгох гэнэн хүн байхгүй. Тиймээс бид эдгээр хуулийг цогцоор нь шийдэх ёстой

Мөн өргөн барьсан хуулиудад албан тушаалын тэр дундаа төрийн албан тушаалтны авилга, хээл хахуультай холбоотой хэргийг өршөөсөн заалт нэг ч байхгүй гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй.

Ингэхгүй бол хоосон хардалт яваад ЭЗ-ийн эргэлтийг сайжруулъя, далд ЭЗ-ыг ил болгоё, баялаг бүтээгчдээ дэмжье гэсэн бодлогыг чинь цөөн тооны албан тушаалтанд зориулсан хууль гээд унагачих гээд байна.

Б.Гарамгайбаатар гишүүн : Эдийн засгийн өршөөлийн хууль гарахгүйгээр ил тод байдлын тухай хууль гараад ямар ч үр дүнгүй

ЭЗ-ийн өршөөлийн тухай хуулиар ААН-үүдийг үүсээд байгаа хүндрэлээс гаргах асуудлыг зохицуулна. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн татвар дээр очоод хугацаа хэтэрчихсэн болон төрөөс хамааралтай алдангиуд, банкны зээл, зээлийн хүүгийн торгуулиас үүссэн хүнд байдлыг арилгах асуудлыг зохицуулах юм.

Харин ил тод байдлын тухай хуулиар хууль бусаар олсон хөрөнгүүдээ өөр нэр дээр хадгалсан байснаа ил гаргах асуудлыг зохицуулж байгаа. Энэ утгаараа өршөөлийн хууль гарахгүйгээр ил тод байдлын хууль гараад ямар ч үр дүнгүй болно.

Р.Амаржаргал гишүүн : Эдийн засгийн өршөөлийн хууль нь ил тод байдлын хуулиасаа хамаагүй илүү ач холбогдолтой

Энэ хуулийг дангаар нь батлахад иргэд болон ААН-үүд нуусан хөрөнгөө гаргаж ирлээ гэхэд юу ч өөрчлөгдөхгүй, ер нь гаргаж ирэх ч үгүй. ЭЗ-ийн өршөөлийн хууль байхгүй болохоор  энэ хууль ямар ч утгагүй болоод байна. Үүнээс болоод хүмүүс УИХ элдэв янзын хүмүүст үйлчилдгийн тод жишээ энэ мө биздээ гэж асуух болсон. Нарийн ярьвал ЭЗ-ийн  өршөөлийн хууль нь ЭЗ-ийн ил тод байдлын хуулиасаа хамаагүй илүү ач холбогдолтой.

 

 

 


  1. 112.72.13.* Зочин 2015-06-11 18:06
    Good