Дэлхийд

Твиттерийн гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгэн өглөө

О.Намуун
2015-06-11 23:16

Твиттерийн гүйцэтгэх захирал Дик Костоло ажлаа хүлээлгэж өгч байгаа талаар Твиттер компаниас мэдэгдлээ. Гүйцэтгэх захирлаар өөр хүн томилогдох хүртэл үүсгэн байгуулагчдын нэг Жак Дорсей түүнийг түр орлон ажиллах юм.

Твиттерийн гүйцэтгэх захирал Дик Костоло олон нийтэд хийсэн мэдэгдэлдээ:

"Зургаан жилийн турш хамт ажилласан Твиттерийн хамт олон болоод энэ хугацаанд хийж бүтээсэн бүхнээрээ үнэхээр их бахархдаг. Энэ олон жилийн турш надад итгэл хүлээлгэсэн ТУЗ, удирдлага, ажилтнууддаа талархаж буйгаа илэрхийлэе. Хэдийгээр би холдож байгаа ч Твиттерийг дэмжсээр байх болно." гэжээ.

Твиттерийн хөрөнгө оруулагчид болон удирдлагууд Костолог солих тухай сүүлийн хэдэн сарын турш хэлэлцсэн. Гэвч дараагийн гүйцэтгэх захирал тодроогүй байхад түүнийг ажлаа хүлээлгэж өгсөн нь олон нийтийг гайхшруулаад байсан юм. Тэгвэл Үүнд Дик Костоло "Олон нийтэд нээлттэй мэдээлснээр бид гүйцэтгэх захирлын албан тушаалд шинээр нэр дэвших хүмүүсийг албан ёсоор хайх боломжтой" гэж мэдэгджээ.