Бусад

"Жизель"-ийн шинэчилсэн тавилт өнөөдөр тоглогдоно

О.Намуун
2015-06-12 01:42

Шинэчилсэн хувилбараар тавигдах "Жизель" өнөөдөр орой 19:00 цагаас УДБЭТ-н тайзнаа тоглогдоно. Тоглолтод Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлооч, МУСТА О.Ганцоож, Английн балетын залуу од, English National Ballet компанийн гоцлол бүжигчин Лорета Самерскэйлс нар тоглохоороо онцлог юм.

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет нь анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилж байсан. Үүний дараагаар 1842 оны 3 сарын 12-нд Лондонд, тухайн оны 12 сарын 30-нд Москва, 1843 оны 1 сарын 17-нд Итали улсын Милан хотод, 1846 оны 1 сарын 1-нд АНУ-д тус тус тоглогдож байв. Харин манай улсад анх 1979 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа амилуулснаас хойш тасралтгүй 36 дахь жилдээ тоглогдож байна.

Энэхүү тоглолт нь үзэгчдэд дэлхийн хэмжээний тоглолт толилуулахаас гадна монголын балетын урлагийн өнөөгийн түвшинг үнэлэх, цаашдын хөгжилд түлхэц өгөх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.