Улсын их хурал

Х.Тэмүүжин гишүүн : Социалист маягийн захиргаа гэдэг ойголтыг халахад маш том алхам хийх хууль

М.Энхмаа
2015-06-12 01:44

Өнөөдөр нэгдсэн чуулганаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин гишүүдийн асуултанд хариулж, мэдээлэл өгсөн юм.

Х.Тэмүүжин гишүүн:

Захиргааны ерөнхий хууль нь захиргааны бүх шатны үйл ажиллагааг зохицуулахгүй, зөвхөн иргэнтэй харилцаанд орохдоо захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн яаж явуулах вэ гэдгийг нарийвчлан зохицуулж байгаа.  Мөн энэ харилцаан дээр маргаан гарвал захиргааны шүүхэд хэрхэн яаж хянагдах вэ гэдгийг зохицуулах материаллаг хэм хэмжээ болж өгч байгаа.

Энэ хууль байхгүй байхад захиргааны байгууллагын үйл ажиллагаа бүхэлдээ  субъектив байсан. Одоо энэ хуулир нийт үйл ажиллагааны 90-ээд хувийг зохицуулалтанд оруулж байна.  Нэг шийдлээр 100 хувь төгс зүйл хийчихгүй учраас  хууль хэрэгжээд ирэхээр амьдралын хэрэгцээнээс шалтгаалаад дараа дараагийн засваруудыг хийгээд явах байх.

Захиргааны ерөнхий хуулийн хамгийн том дэвшил нь 0 байгаа зүйлийг зохицуулалттай болгож байгаад оршиж байна. Энэ хуулиар маш олон ойлголт агуулгууд цэгцэрнэ.

Энэ хууль боловсруулалтын бүх шатыг дамжаад бараг 15 жил болж байгаа бөгөөд  үндсэндээ 4 засгийн газрыг дамнаж яригдсан гэсэн үг. Энэ хугацаанд судлаач, мэргэжилтнүүдийн маш сайн оролцоотойгоор бичигдсэн.

Ний нуугүй хэлэхэд социалист маягийн захиргаа гэдэг ойлголтоос бүрэн шилжилт хийхэд маш том алхам хийж байгаа хууль юм.”  гэжээ.

Тэрээр Захиргааны ерөнхий хуулиар даргын юм уу намын байгууллагын шийдвэрээр захиргааны бүх үйл ажиллагааг шийдэгддэг тогтолцооноос анх удаа хуулиар шийддэг тогтолцоо руу шилжих гэж байна гэсэн юм.