Улсын их хурал

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцжээ

М.Энхмаа
2015-06-15 00:00

Өнгөрөгч амралтын өдрөөр УИХ-ын дарга З.Энхболд Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцжээ.

УИХ-аар хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит компани байгуулагдсан.

Хөдөө аж ахуйн биржид одоогийн байдлаар ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал /рапс/, мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжиж, эрх бүхий байгууллагаас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Энэхүү бирж нь байгуулагдсанаас хойш 1 их наяд 223 тэрбум төгрөгийн ХАА гаралтай бараа түүхий эдийг арилжсан байна. Үүнээс зонхилох бүтээгдэхүүн нь ноолуур байжээ.

Энэ үеэр биржийн захирал Ж.Эрдэнэбат :

 “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2015 онд өөрийн арилжааны болон төлбөр тооцооны системд олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг нэвтрүүлснээр бараа түүхий эдийн бодит үнэ, ханшийн мэдээг олон нийтэд шуурхай хүргэх, биржийн арилжааг “онлайн” хэлбэрээр зохион байгуулж бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинд төлөвлөх боломжийг бүрдүүлж өгсөн” хэмээн онцолж байлаа.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд :

“ Хөдөө аж ахуйн биржийг байгуулсан нь түүхий эдийн дамын наймаа хийгдэхгүй, үнийн огцом өөрчлөлт гаргахгүй байх зорилготой. Өнөөдөр энэ зорилгодоо хүрч байна.Түүхий эдийг тэрбум доллар хүргэж зарах боломжийн эхний үе шат нь энэ бирж юм. Тиймээс бид боловсруулалтын дараа дараагийн шатуудыг маш хурдан ашиглалтад оруулахыг шаардана” гэжээ.