Дэлхийд

АНУ-ын тагнуулын ажиллагааг дэлгэсэн Эдвард Сноуден гэж хэн бэ?

О.Намуун
2015-06-15 01:30

Эдвард Сноуден нь Пентагоны харъяa тагнуулын компанийн экс ажилтан бөгөөд 2007 оноос хойш АНУ-ын тусгай алба иргэдийн утасны яриа, м-мэйл, нийгмийн сүлжээний сайтуудыг тагнах ажиллагаа явуулдаг тухай нууц мэдээллийг дэлгэж, дэлхий даяар шуугиан тарьсан нэгэн юм. Түүнчлэн АНУ-ын аюулгүй байдлын нууц агентлаг NSA Вашингтон болон Нью-Йоркод байрлах Европын холбооны төлөөлөгчийн газруудыг танддаг тухай мэдээллийг ч задруулсан билээ.

Тэгвэл сүүлийн үед Эдвард Сноудены уг шифрлэсэн файлын кодыг Орос болон Хятад улс тайлсан тухай олон улсын мэдээллийн сайтуудаар мэдээлэх болсон. Их Британийн Дэвид Камероны албаны хүмүүс маш нууц зэрэглэлийн материалууд Москва, Бээжингийн тагнуулуудын гарт орсон хэмээн батлаад байгаа аж. Түүнчлэн үүний дараагаар АНУ-ын тагнуулын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд орж, MI6 байгууллагаас “дайсагнах улс”-уудаас тагнуулчдаа татах болсон тухай мэдээлэл ч цацагдаж эхэлжээ.

АНУ-ын эсрэг олон улсын дайсагналыг үүсгээд буй Эдвард Сноуден гэж хэн бэ? Тэр ямар учраас нууцын зэрэглэлтэй баримтуудыг дэлгэх болов?

Эдвард Сноуден нь 1983 онд АНУ-ын Хойд Каролина мужийн Уилмингтон хотод төржээ. 1999 онд Мэриландын Элликотт руу нүүж, “Anne Arundel” сургуульд суралцах болсон ч удаан хугацаанд өвдсөний улмаас ахлах сургуулиа дүүргэж чадаагүй юм. Эдгэснийхээ дараа Сноуден эргээд сургуульдаа оролгүй хотынхоо коллежид компьютерийн чиглэлээр суралцсан бөгөөд 2011 онд Ливерпүүлийн их сургуульд онлайнаар мастерын зэрэг хамгаалсан байна. Түүнчлэн тэрээр тулааны урлагт суралцаж, 2004 онд Жиоржиа мужийн Форт Беннингэд цэргийн алба хааж байжээ. Тухайн үед Сноуден Тусгай албанд ажиллаж,  Иракийн дайнд оролцох хүсэлтэй байсан ч бэлтгэлийн үеэр хоёр хөлөө гэмтээснээр боломжгүй болсон юм. Тиймээс компьютерийн чадвараа сайжруулж Тагнуулын төв газарт мэдээллийн технологийн ажилтнаар ажиллаж эхлэв.

Тэрээр Швейцарийн Женевт ажиллаж байсан төдийгүй 2009 онд Тагнуулын төв газраас гарснаасаа хойш Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах албанд гэрээт техникийн ажилтнаар ажиллах болжээ. Өнгөрсөн 5 сар хүртэл Сноуден Хавайд “Бүүз Аллен Хамилтон” зөвлөх фирмийн удирдлага дор Үндэсний Аюулгүй байдлыг хамгаалах албаны салбарын системийн админаар ажиллаж байв. Энэ хугацаанд тэр дэлхий нийтэд тараасан нууцын зэрэглэлтэй материалуудаа цуглуулсан аж.

Ийнхүү тэрээр ажлын ёс зүй алдаж, фирмийн дүрэм журмыг зөрчсөн хэмээн ажлаасаа чөлөөлөгдсөнөөр “Нью-Йорк Таймс”-т ижил төрлийн нийтлэл бичиж байсан баримтат киноны продюсер Лора Поиртрас, “Гуардиан” сонины сэтгүүлч Гленн Грийнуолд нартай холбоо тогтоож, мэдээллүүдээ өгч эхэлжээ. Удалгүй түүний өөрийн хүсэлтээр мэдээлэл тараагчийн нэр, зургийг нийтэд дэлгэсэн юм.

Угтаа Сноуден бүхнийг илүү эрт илчлэхийг хүссэн ч 2008 оны сонгуулиар Барак Обама Ерөнхийлөгч болоход бүх зүйл өөрчлөгдөнө гэж найдаж, хүлээж байжээ. Гэвч АНУ-ын арга барил, үйл ажиллагаа хэвэндээ үлдсэнээр тэр мэдээллээ тарааж эхэлсэн юм.

АНУ-ыг орхих болсон шалтгаанаа тэрээр “Гуардиан”-д “Миний хийсэн бүхнийг, ярьсан бүхнийг бичдэг газар би амьдрахыг хүсэхгүй байна. Би ийм төрлийн нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна ” хэмээн тайлбарлажээ.

Түүнийг Хаваид байхад нь АНУ-ын засгийн газраас 1917 оноос хойш гурван л удаа хэрэглэгдсэн гэгдэх эх орноосоо урвасан гэх зүйл анги болон төрийн өмч хулгайлсан хэрэгт буруутгаж хэрэгтнээр татав.  Ингэснээр тэр байгаа газраа орхин Москва руу явав. АНУ-аас түүнийг Үндэсний батлан хамгаалах хэрэгт холбогдох мэдээллийг санаатайгаар, харилцаа холбооны мэдээллийг зөвшөөрөлгүй тараасан, төрийн өмчийн эд хөрөнгийг хулгайлсан гэх хэргүүдэд буруутгаад байгаа. Эдгээр нь тус бүрдээ 10 жилийн ял оноох хэргүүд юм.

Эдвард Сноуден хэлэхдээ: “Женевт ажиллаж байхдаа олж мэдсэн манай засгийн газрын ажиллагаа болоод түүний дэлхийд нөлөөлж байгаа байдал нь намайг үнэхээр сэтгэл гутралд оруулсан. Тиймээс би үүний нэг хэсэг байхаас татгалзсан юм” гэжээ.