Улсын их хурал

АН-ын бүлэг : Чингис бондын хөрөнгийг бүтээн байгуулалтад ашиглаж байна

М.Энхмаа
2015-06-15 06:08

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөртэй танилцан, Чингис бондын зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Хуралдааны үеэр АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа өмнө нь Оюутолгой, Тавантолгойн ордоос төвлөрсөн мөнгийг нийгмийн халамжид зарцуулж байсан бол “Чингис” бондын хөрөнгийг бүтээн байгуулалтад ашиглаж буйгаараа онцлогтой гэдгийг хэлсэн байна.

Энэ асуудалтай холбогдуулж АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж :

“МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муухай бүхнээ Ардчилсан намд үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно.” гэжээ.

Мөн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд агуулгыг нь дэмжсэн байна.

Бүлгийн гишүүд хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг Прокурорын байгууллагад харьяалуулахаар зааж өгсөн нь “Прокурор хэрэгт хяналт тавих ёстой байгууллага” гэсэн үндсэн чиг үүрэгт нийцэхгүй зөрчил үүсгэнэ гэж үзжээ.

Иймээс УИХ-аар хуулийн салбарт хийх өөрчлөлттэй холбоотой олон хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Авлигатай тэмцэх газрын харьяанд байгаа Мөрдөх албыг хаана шилжүүлэх вэ гэдгийг шийдэх боломжтой хэмээн санал нэгдсэн байна.