Засгийн газар

Газрын тосны үнийн уналт манай эдийн засагт ингэж нөлөөлжээ

О.Намуун
2015-06-15 07:27

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын 2015 оны 5-р сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын төсөв санхүүгийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдэгдэл хийсэн. Тэгвэл уг тайландаа Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 3 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 45%-иар буурч газрын тосны орлого биелэгдэхгүй байх бодит эрсдэл дагуулж буйг дурдсан. 

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2014 оны 7-р сард баррель газрын тос 107 ам.доллараас эхлэн 2015 оны 1-р сард  43 ам.доллар хүртлээ унасан. 5-р сарын 9-ын байдлаар 59 ам.доллар (тонн нь 442 ам.доллар) болоод байсан билээ. Тэгвэл газрын тосны үнийн уналт манай эдийн засагт хэрхэн нөлөөлснийг доорх графикаас харъя:

2014 оны I улиралд 1,5 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн бөгөөд төсөвт эхний 5 сарын байдлаар 253.5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байжээ. Тэгвэл 2015 оны I улиралд 1,9 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн ч эхний 5 сарын байдлаар төсөвт 153.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газрын тосны үнийн уналт болон бусад хүчин зүйлээс болж 2015 оны эхний таван сарын газрын тосны орлого өнгөрсөн оны мөн үеэс 40%-иар буурсныг дээрх графикаас харж болно.

Дэлхийн банкны прогнозын дагуу ирэх таван жилд баррель газрын тосны үнэ 53-74 ам.доллар ($400-$560/тонн) байх ажээ.