Дэлхийд

Анжелина Жоли эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход олон улсын дэмжлэг хэрэгтэй гэв

О.Намуун
2015-06-15 23:01

Жүжигчин, НҮБ-ын Дүрвэгсдийн эрхийг хамгаалах элч төлөөлөгч Анжелина Жоли Йоханнесбургэд зохион байгуулагдсан Африкийн холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг зогсооход дэлхийн улсуудыг дэмжихийг уриаллаа. Уг уулзалт "Эмэгтэйчүүдийн эрх мэдэл, хөгжлийн жил" сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд Жолигийн тавьсан илтгэл олонд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээв:

“Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг зөрчил мөргөлдөөнтэй бүс төдийгүй амар амгалан нийгэмд ч болох нь ихсэж, дэлхий нийтийн тахал болоод байна. Ялангуяа зөрчил мөргөлдөөнтэй бүсэд болсон эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн буруутнууд шийтгэгдэлгүй үлддэг. Ингэснээр бид олон олон зэвсэгт бүлгүүд үүнийг зэвсэг болгон хувиргаж байгааг харж байна.

Харгис, хэрцгийгээр ханддаг хэт даврагсдын зугаацлыг охид, эмэгтэйчүүд л хамгийн ихээр тэвчин өнгөрүүлж, үүнд нь өртөж байна. Хэрцгий явдлууд дэлхий дээр урд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч хүн төрөлхтнийг зовоон, тарчлааж байна. Тиймээс үүнийг таслан зогсоож, урьдчилан сэргийлэхийн тулд бид өөрсдийн дутагдлыг авч үзэх нь чухал.

Бидэнд дан ганц эрэгтэй хүнээр бус эмэгтэй хүний оролцоотойгоор боловсруулагдсан, эмэгтэйчүүд дээр төвлөрсөн, тэдэнд чиглэсэн урт хугацааны аюулгүй байдлын бодлого хэрэгтэй. Тэнд хүчирхэг, эрх чөлөөтэй, боловсролтой эмэгтэйчүүдээс илүү тогтвортой байдлын тулгуур хэрэгтэй. Хүндлэл хүлээсэн, манлайлагч, эмэгтэйчүүдээ баярлуулдаг эрчүүдээс илүү урам зориг өгөх үлгэр жишээ бидэнд хэрэгтэй.

Эмэгтэйчүүдэд бүрэн эрх, боломж олгохын төлөө Африкийн холбооны 54 үндэстэн нэгдэж чадвал, юу болохыг бодоод нэг үзээрэй." гэжээ.