Тавантолгойн болон Гацууртын ордын талаарх намын бүлгүүдийн байр суурь
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар
- Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл
- Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг
тус тус хэлэлцэж байна.
Эдгээр асуудлуудад УИХ дахь намын бүлгүүд ямар байр суурьтай байгааг сонирхъё.
АН-ын бүлэг: Тавантолгойн ордтой холбоотой тогтоолын төсөл УИХ даргын захирамжаар баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байна. Гэхдээ манай намын бүлэг ажлын хэсгийнхний мэдээллийг сонсоогүй. Ажлын хэсэг 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой гэж ойлгож байгаа. Бүлгийн гишүүдэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаа учир манайх байр сууриа нэгтгээгүй.
Гацууртын орд дээр АН-ын зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн бүлгийн байр суурь хэвээрээ байгаа. МАН-ын бүлгийн завсарлага дуусч,дэгийн дагуу хэлэлцэгдээд явах байх.
МАН-ын бүлэг : МАН-ын бүлгийн Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд энэ талаар тодорхой шийдэлд хүрэхийг шаардсан байр суурь хэвэээрээ байна.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа "Тавантолгойн асуудлыг яаралтай хэлэлцэж, Монголын төр дотоод, гадаадынханд маш тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой гэж бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тавантолгой төслийг цааш нь явуулах эсэх, энэ консорцуиумд өгөх эсэхээ тодорхой болгож, аль нэг талд нь гарах нь зүйтэй. Хэрвээ цааш явуулах боломжгүй гэвэл олон нийтэд мэдээлэх ёстой. УИХ дээр ингэж удааж болохгүй" гэсэн байна.
МАН бүлгийн хуралдааны үеэрээ Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихээ мэдээлжээ.
Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа: “Бүлэг хоёр үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой. Хэрвээ 34 хувийг төр үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй тохиолдолд тусгай төлбөр гэж нэрлэгдэж байгаа 3 хувийг 3-6 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Уул уурхайн томоохон төслүүдийг явуулахдаа Монгол Улсын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцлүүдийг хийх ёстой гэж үзэж байна” гэсэн байна.
“Шударга ёс” эвсэл: Стратегийн орд бол ард түмний өмч байх ёстой. Энэ талаар манай нам 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ дагуу стратегийн ордууд төрийн мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тус ордтой холбоотой асуудал ямар байдлаар орж ирэх үү гэдгээс шалтгаалж бид тухайн үед нь байр сууриа нэгтгэнэ гэжээ.
УИХ дахь бие даагч гишүүд : Бие даагчдын зүгээс Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж мэдэгжээ. Учир нь ажлын хэсгийн гаргасан “Энержи Ресурс” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрх шилжүүлэх тухай санал нь компани хоорондын эрх шилжүүлэх мэт асуудал боловч цаанаа Монголын сая гаруй иргэдийн хувьцаатай холбоотой асуудал учраас анхааралтай шийдэхгүй бол болохгүй гэж үзжээ.
“Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байр сууринд хүрсэн байна. Энэхүү ордыг 200 сая ам.доллар олохын төлөө эргэлтэнд оруулснаас өөр нөхцөл бололцоогоо ашиглах нь зүйтэй гэж бие даагч гишүүд үзэж байна.