Гацууртын ордын талаар ингэж ярьлаа
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Тавантолгойн талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудал хойшлогджээ. Үргэлжлүүлээд Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.
Гацууртыг ордтой холбоотой асуудлаар гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Р.Жигжид гишүүн : Гацууртын ордын хувь хэмжээг тогтооход 34 хувь, 20 хувь гэсэн 2 хувилбар яригдаж байсан бөгөөд 20 %-ийг хүүгүй байхаар хэлэлцсэн. Төр 34 %-ийг эзэмшиж чадахгүй бол манай улсад алдагдалтай. 34% -аар тооцох тохиолдолд төр ногдол ашиг авна. Гацууртын ордыг ашигласнаар Монголбанкны алтны нөөц нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.
Гүйцэтгэгч талын Канадын компани нь дэлхийд тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг компани. Тиймээс байгальд халгүйгээр олборлолт явуулж чадна гэж үзэж байгаа. Сайн дураараа гадаадын компанид хувь эзэмшүүлж байна гэж ойлгож болохгүй, хуулийн дагуу ажиллаж байна. Мөн Гацууртын ордыг ашиглах талаар нутгийн 36 өрхөд судалгаа хийснээс ихэнх нь дэмжиж байна гэсэн хариу гарсан.
С.Одонтуяа гишүүн : Гацууртын ордыг ашиглахдаа түүхий дурсгалыг хайрлаж хамгаалах талаар анхаарах ёстой. Мөн гацууртын ордод олон тооны нинжа нар ажиллаж байгаа, тэднийг ад үзэхээсээ илүүтэй хамтарч ажиллах арга зам хайх хэрэгтэй байна.
Биднийг байгалийн баялгаа эргэлтэд оруулж чадахгүй байгаа талаар гадныхан шүүмжилж байна. Гадны хөрөнгө оруулагчид гэдэг бурхан ч биш, чөтгөр ч биш, ашиг олох гэсэн л хүмүүс. Тэднээс бид суралцаж зөв менежмент хийх хэрэгтэй.
Д.Зоригт гишүүн : Гацууртын ордыг ашиглахын тулд заавал 34 хувь эзэмших шаардлагагүй. Учир нь 34 хувьдаа дүйцэх хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно. Иймээс гацууртад ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр авах нь илүү ашигтай. Нийт 20 орчим төрлийн татвараар улсын төсөвт мөнгө орж ирнэ. Тухайлбал, Гацууртын ордыг ашигласнаар улсын төсөвт 850 тэрбум төгрөг орж, улсын валютын нөөц 1,7 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.