Улсын их хурал

Л. Эрдэнэчимэг гишүүн : Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа нууцлалд хамаарах ёсгүй

М.Энхмаа
2015-06-16 04:52

УИХ-ын гишүүн, Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг өнөөдөр ажлын хэсгийн явцын талаар мэдээлэл хийжээ.

Өнгөрсөн 3 долоо хоногийн  хугацаанд ажлын хэсэг албан ёсоор 3 удаа, ажлын дэд хэсэг сарын хугацаанд өдөр тутам хуралдаж байгаа юм байна.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн :

“ Нийт 14 зүйл заалтаар дүгнэлт гаргах ёстой бөгөөд одоогоор 50 гаруй хуудас дүгнэлт бэлэн болоод байна. Гэрээний англи эхийг 20 хоног хүлээж, авсны дараа англи эхийг монгол орчуулгатай тулгалт хийхэд 10 гаруй хуудас зөрүү байсан.

Мөн Энержи ресурс болон Шинхуа компанийн хооронд хамтарсан компани байгуулах гэрээ, Энержи ресурс болон Эрдэнэс тавантолгой хоорондын эрх шилжүүлэх гэрээ зэрэг Тавантолгойтой холбоотой хэд хэдэн материалыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байгаа.

Энэ талаар ЗГ зарим гэрээ нууцлалын зэрэгтэй, компанийн нууцад хамаарна гэсэн тайлбарыг өгч байгаа ч ажлын хэсэг Монгол Улс уул уурхайн ил тод байдлын дэлхийн сүлжээнд орж үүрэг хүлээсэн учир уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа нууцлалд хамаарах ёсгүй гэж үзэж байгаа”  гэжээ.

Тэрээр эдгээр гэрээг авсны дараа ажлын хэсэг үргэлжлүүлэн хэлэлцээд дүгнэлтээ гаргаж өгнө хэмээн мэдэгдсэн юм.

Мөн 6 сарын 14-15 ны өдрүүдэд ажлын дэд хэсэг Эрдэнэс тавантолгой компанийн үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлсэн байна.