Дэлхийд

Өсвөр насныхны интернетийн хэрэглээг хянах асуудал Солонгост маргаан дэгдээгээд байна

О.Намуун
2015-06-17 01:11

Өмнөд Солонгос улсын Засгийн газар ухаалаг гар утас худалдан авсан 19-өөс доош насны иргэдийн утсанд интернетийн хэрэглээг нь хянах программ суулгах хэрэгтэй гэж үзжээ. "Өсвөр насны 10 хүүхэд тутмын 8 нь ухаалаг утас ашиглаж байгаа учир бид тэднийг буруу үлгэр дуурайл үзүүлэх, жигшмээр зүйлсээс хамгаалах хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна. Үүний хүрээнд гар утасны дэлгүүрүүд хаалган дээрээ “Насанд хүрээгүй иргэд ухаалаг гар утас шинээр авбал хор хөнөөлтэй контентыг блоклох программ суулгуулна” гэх бичгийг хадах юм.

Засгийн газраас үүнд зориулж тусгай "Smart Sheriff" хянах программыг хөгжүүлсэн байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сэжигтэй сайтад хандах эрхийг нь хаах боломжтой болно. Мөн хайлтын хэсэг дээр “жирэмслэлт”, “гэрээсээ зугтах” гэх мэт үгсээр хайлт хийх үед эцэг эхэд нь мэдэгдэх системтэй аж.

Харин энэ асуудал иргэдийн дунд хүчтэй маргааныг дэгдээгээд байгаа юм. Эсэргүүцэгчид үүнийг "Хүний эрхийг зөрчиж буй хэрэг. Хүүхдээ ийм зүйлээс хамгаалах нь эцэг эхийн асуудал болохоос Засгийн газрын хийх ажил биш." гэх мэтээр үзэж байгаа юм. Мөн Apple-н хэрэглэгчид энэ программаас ангид байх боломжтой тул иргэдээ гадаадын зах зээл рүү хөтлөх аюултай ч гэж таамаглаж байна.